Компаний тухай

Бидний тухай

Баян Айраг Эксплорэйшн ХХК нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 2008 оноос хойш ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Баян Айраг төсөл нь Дөрвөлжин сум төдийгүй Завхан аймгийн хэмжээнд эхлэсэн уул уурхайн анхдагч төсөл юм. Бид 2002-2007 онуудад Завхан аймгийн баруун хойд хэсгийн Завханмандал, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумдын нутагт хайгуулын ажлыг явуулсан. Хайгуулын ажлын үр дүнгийн тайланг 2008 оны 1-р сарын 29-ний өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн бөгөөд 2008 2-р сарын 12-ны өдрийн АМГТХЭГ-ын даргын 47-р тоот тушаалаар ордны нөөцийг улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлсэн. Баян Айраг алт-зэсийн үндсэн ордыг ашиглах 13409А тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны 3-р сарын 24-ний өдрийн АМГТХЭГ-ын даргын зөвшөөрлөөр Баян Айраг Эксплорэйшн ХХК-нд 30 жилийн хугацаатайгаар олгосон. Манай төсөл орон нутгийн тогтвортой хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

Төслийн байршил

Баян Айраг төслийн талбай нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт байрладаг. Энэ нь Улаанбаатар хотоос 1,200 км, Улиастай хотоос 150 км, сумын төвөөс 20 км зайд, Их нуурын цөл - шүдлэн говийн бүс буюу Хангайн нурууны баруун хэсгийн уулархаг нутагт далайн түвшнээс дээш 1,500-2,500 метрийн өндөрт оршдог. Цаг агаарын хувьд эрс тэрс уур амьсгалтай нутаг бөгөөд зундаа халуун, өвөлдөө хахир хүйтэн. Жилийн дундаж хур тунадасны хэмжээ маш бага ба зуны улиралд +40°С хүртэл халж, өвлийн улиралд -40°С давж хүйтэрнэ. Уурхай нь цөл-говийн бүсэд байрладаг учир зундаа тогтмол шороон шуургатай, өвөлдөө их хэмжээний цастай байдаг.

Үйл ажиллагааны чиглэл

Баян Айраг төсөл нь ашигт малтмалын орд газарт ил уурхайн технологи ашигладаг бөгөөд олборлосон хүдрийг бутлаад нуруулдан уусгах замаар боловсруулан эцсийн бүтээгдэхүүн буюу алт гаргаж авдаг. Уурхайгаас гарах уулын цулыг хөрс, хүдрээр нь тус бүр ялган олборлох ба хүдрийг 1 кмээс холгүй зайд тээвэрлэж хүдрийн овоолго үүсгэнэ. Хүдрийн овоолгыг бутлуураар дамжуулж нуруулдан уусгалтын талбайд оруулна. Нуруулдсан хүдэрт баяжуулах үйлдвэрийн эхний үе шат болох уусгалтыг явуулна.