Баяжуулах үйлдвэр

Баяжуулах үйлдвэр

Алт мөнгөний исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор боловсруулах үйлдвэр нь дараах шат дамжлагуудаас бүрддэг.

Үүнд:

  • Бутлалт
  • Бөөнцөглөлт
  • Нуруулдан уусгалт
  • Адсорбци
  • Десорбци  
  • Электролиз ба хайлалт

Бутлалт: Ил уурхайгаас ирсэн хүдрийг нуруулдан уусгахад бэлтгэхийн тулд 3 шатны бутлуураар 8мм хүртэл буюу түүнээс бага ширхэгтэй болгож бутлах ба 8мм ширхэглэлтэй хүдэр нь нийт бутлагдсан хүдрийн 100% байна.

Бөөнцөглөлт: Буталсан хүдрийг бөөнцөглөх төхөөрөмжөөр жижиг бөмбөлөг хэлбэрт оруулж туузан конвейероор дамжуулан нуруулдан уусгах талбайд овоолго үүсгэнэ. Бөөнцөглөлт хийснээр нуруулдсан хүдэр дундуур нэвчих уусмалын урсгалыг сайжруулж метал авалтыг нэмэгдүүлнэ.

Нуруулдан уусгалт: Нуруулдсан хүдэрт дуслын системээр цианидын уусмал өгч алт, мөнгийг уусгана. Уг уусмал нь нуруулдсан хүдрийн биетээр нэвчин гарч хүндийн жингээрээ урсан, баян уусмалын санд цуглана. Уг сангаас уусмалыг нүүрсний багана руу насосоор шахаж Адсорбцийн хэсэгт хүргэгдэнэ.

Адсорбци. Баян уусмалыг шингээлтийн багануудаар дамжуулан алт, мөнгийг идэвхжүүлсэн нүүрсэнд шингээнэ.

Десорбци: Алт, мөнгөөр баяжсан нүүрснээс алт, мөнгийг салгаж (десорбци) хандалсан уусмал гаргаж авна.

Электролиз: Алт, мөнгөний өндөр агуулгатай хандлагдсан уусмалыг электролизод (дулааны боловсруулалт) оруулж алт, мөнгийг катод дээр суулгана. Катодоос алт, мөнгөний холимог баяжмал гарах ба азотын хүчлийн уусмалаар алт, мөнгөний баяжмалыг салгаж тус тусд нь хайлуулан эцсийн бүтээгдэхүүн болох алт, мөнгөн гулдмайг үйлдвэрлэнэ.

Уусгалтын ядуу уусмалыг халааж насосоор шахаж овоолгын дуслын систем рүү буцааж шахна. Ингэснээр уусмал нь хаалттай хэлхээгээр эргэлдэх бөгөөд дахин дахин ашиглагдах юм. Байгаль орчинд хаях хаягдал уусмал байхгүй болно.

Аюулгүй ажиллагаа:

Боловсруулах үйлдвэрийн хэлтэс нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартад нийцүүлэн ажилладаг. Үүнд:

  • Аюулгүй ажиллагааны журмуудыг чанд мөрдөх
  • Хувийн хамгаалах хэрэгслүүдийг зохих ёсоор хэрэглэх
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар сургалт зохион байгуулах
  • Ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлж, дүгнэлт өгөх
  • Хянан шалгалт хийх